БӨӨ : ТӨРСӨН УУЛ УС ХАНГАЙДАА ЗОЧИЛСОН СЭТГЭГДЭЛ

ТӨРСӨН УУЛ УС ХАНГАЙДАА ЗОЧИЛСОН СЭТГЭГДЭЛ

Төрсөн нутаг минь Дархан-Уул аймаг. Хамаг Монголын маань хойд зүгт байрладаг сайхан нутаг. Туулай жилдээ багтаж онгод тэнгэрээ төрсөн нутагтаа буулгах хэрэгтэй боллоо. Ингээд миний бие удмын хүмүүсийн хамт төрсөн уул ус хангайдаа онгод тэнгэрээ буулгахаар яаран өвлийн дунд сард хойд зүгт замаар төмөр хүлэгтэй давхиж явахад хурдан л очоод онгод тэнгэрээ буулгачмаар сэтгэл төрсөөр нэг л мэдэхэд Дархандаа ирлээ. Бага ахуй цагаас Улаанбаатар хот руу нүүснээс хойш жилдээ ядахнаа төрсөн уул ус хангайдаа очиж эргэсээр өдгөө 10 гаруй жил болжээ. Энэ удаад оройтож очиж байгаа тул төрсөн уул ус хангайн эзэн, харсан тэнгэрээсээ дотроо дөлсөн байдалтайгаар учран золгов. Энэ удаад өмнө нь гарж байгаагүй уул руу гарж өргөл өргөж, мөргөлөө хийн цээж тэнийх шиг болов. Нэгдсэн эмнэлэгийн урдах уулын энгэрт хонь хариулж морьтой буй нутгийн ах хүмүүн ирж амар мэндээ мэдэлцэхэд ихэд бэлэгшээн дотроо баярлалаа. “Уул ус хангай, Тал хээр, Говь цөл бүгд л эх дэлхийн сав шим, хөрс, бүгд л чадалтай уул ус хайрхад” гэсэн бодол дотроо тээн хангайгаас чадал, идийг хүсэн мөргөлөө хийж, цасанд хөрвөөн дахин төрсөн мэт болов. Гэвч сэтгэлийн гүнд хангайн эзэд маань гомдож, туньсан мэт сэтгэгдэл дотор төрж байлаа. Энэхүү тэмдэглэл оруулсны учир, гол хэсэг рүүгээ оръё. Өмнө нь энэхүү уул руу машин гардаггүй байсныг, хүмүүс шинээр зам гаргаж, машин бүр уулын орой дээр гарж байгаа /одоо ч гарж байгаа/ замын мөр үзэгдэв. Энэ бол байж болшгүй зүйл. Монгол хүн уул усны дээр төмөр машин байтугай агт хүлэгнээсээ буун явганаар хөтлөн гарж хүндэтгэл үзүүлдэг учиртай. Одоогийн чадал, хүчинд эрдсэн машинаараа гангарсан нөхдүүдэд хэлэхэд хэдхэн жилийн дараа төмөр сэг л болох вий. Ийм бодол тээн уулын орой дээр гарахад овооны дэргэд асар /бесетка/ барьжээ, сүүдрэвчтэй, суудалтай, бетон цутган шаллан модоор хийсэн байх юм. Уул усны тэргүүний дээр ямар тэнэг нь ийм зүйл барьчихдаг байнаа. Шууд л архидалт, назгайрал түүнээс үүдэлтэй хог /архи пиво ундааны шил, лааз, тамхины иш, цаас, тамхины хайрцаг/ энд тэндгүй тарсан байгаа нь харагдсан. Хүнээр бол өөрийн тэргүүний дээр хог хаядаггүй мөртлөө, бид бүхний дээдийн дээд шүтээн болсон уул ус хангайн дээдэд ямар зүрх гаргаж ийнхүү хог хаясныг хараад цээртэй байдаг ч хүссэн хүсээгүй уурлах, үйлийн үрийг нь хурдан эдлүүлчих бодол төрснийг нуух юун. Уул ус, догширсон хилэнтэй байгаа нь цаанаа л мэдрэгддэг. Үнэнийг хэлэхэд уул ус хангайн дээдэд буй энэхүү хог буртгийг арилгаж цэвэрлэж чадаагүй байж, төрсөн хангайгаасаа хүч чадлыг дотроо гуйхаас ч ичиж байлаа. Гэвч хүн болсон хойно дэмийг хүсч мөргөлөө. Овоон дээр таяг, шил, алчуур, сав, таяг, малын яс гээд дурдаад дурдаад дуусахааргүй зүйл маш их байлаа. Овоон дээр яагаад таяг, малын сэг, тэргүүний ясыг залдаггүйн учир нь Монгол хүн сайн малын ашиг шимээ хөрстдөө л залдаг болохоос уул ус хангайн дээд овоонд залдаггүй ээ. Мөн хэрэв хэн нэгэн хүн хэрэглэсэн таяг, эдлэл хэрэглэл байх аваас галд л өргөж дэгдээх учиртай, тэрнээс ил энд тавих нь байж болшгүй зүйл. Баярлаж наадсан хүмүүсийн хаясан архи, пивоны шил, тамхины хайрцаг гээд тааралдсан хогоо чадлаараа түүж аваад уулнаас бууж хогийн цэг дээр хаялаа. Миний энэ үйлдлийг харсан бол үеийн найзууд маань хүний хаясан хог, новшинд хүрж бохиртсон мэт л бодол төрөх вий. Хүний хаясан хог, буртгийг овооноос авч хаяснаар би буртаглаж хиртдэггүй, харин ч уул усны зоон нуруу, тэргүүн дээрээс бага ч атугай хог, буртгийг зөөж, нурууг нь хөнгөвчилснөөрөө сайн үйл гэдгийг онгод маань хэлж мөхөс миний биед ойлгуулж байсан удаатай. Мөн уул усны орой дээр элдэв суврага, шүтээн босгож дөвчигнөхөө больцгоо. Хэрвээ уул ус хангайг тахиж, дээдэлж, буян хийж, хүч авахыг хүсч байгаа бол уул ус, хангайгаа байгаа чигээр нь л хайрла хүмүүсээ.

Миний бие одоо Улаанбаатар хотод амьдардаг, удахгүй Улаанбаатарыг тойрсон энд тэндэхийн овоо бүр ч их болох нь дээ. Заавал овоо босгох хэрэгтэй бол онгод тэнгэрийнхээ уул ус хангайд очиж л босгоно биз, Тэрний оронд хотын ойролцоох битүү овоо барьж босгосноор хүн ч чөлөөтэй тайван явж чадахааргүй эмээлгэх боллоо. Энэ бүхэн тодруулж босгож замчилж буй багш нараас л үүдэлтэй зүйл бололтой. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдгийн адил муу багшийн муу шавь муу зан үйлийг нь үргэлжлүүлээд, ийм л байх ёстой гэсэн буруу ойлголттой хүмүүс их байна, ХЭРЭВ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ БАЙГАА ЧИГЭЭР НЬ Л ХАЙРЛАЖ ШҮТЭЖ ЯВ, ЭЛДЭВ СУВАРГА, ОВОО БОСГОХОО БОЛЬЦГООХ ХЭРЭГТЭЙ. УУЛ УС ХАНГАЙН ТЭРГҮҮНД ОВООГ УЛАМ ТОМСГОЖ, ДЭЭДЭЛЖ БОСГОДОГ БОЛОХООС БЭЛ, ТАЛ ГАЗАР ИХЭЭР ОВООГ БОСГОХ НЬ ХАЧИН. Улаанбаатар хотын хүмүүс байх аваас Тасганы овоо дээр машинтай гарахаа боль, тасганы овоо бол догширсон газар. Дээдэлж гарахаар бол явган гарна биз. Догширсон газар, дээрээс нь машинаараа хэнэггүй гарчихаад хүч чадал, авшиг, хишиг авсан гэж хөөрөх хэрэггүй. Элдэв суврага, металл бунхан уул ус хангайд хэрэггүй. Тиймээс ямарваа зүйлийг дээдлэж, шүтэх гэж буй бол байгаа чигээр нь хайрлаж, шүтсэн шиг шүт, дээдэлсэн шиг дээдлэ.

/Энэхүү нийтлэлдээ жишээ болгон веб дээрх бэлэн зургаас оруулав/

Нийтэлсэн: Баатар

САЙН САЙХАН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Хөх цэрэг (зочин)

сайхан нийтлэл болжээ. Зөв бодолтой хүн байна гэж өөрийг тань ойлголоо. Олонд зөв зүйтэй болгоныг ухуулж ойлгож явах ажилд тань амжилт хүсэе

алтан нар (зочин)

дэмжиж байна.. Энхбаяр ерөнхийлөгч байхдаа хүртэл овоо тахина гээд уул талыг халзартал хогийн цэг болтол олон машин давхиулж байсан эмгэнэлт түүх байдаг даа. Уул усаа санахын эхээр санаж хүсэж очиход гэм хийсэн хүн шиг дотроо мэгшээд буцах нь олонд зам дагаад архи пивоны шил лааз дүүрэн байдаг чадлыхан хирээр түүгээд түүгээд дийлдэдгүйд харамсаж байдаг даа.. жил хагасын өмнө Хөвсгөл далай ээжрүү бидний 20 гаруй хүн явсан юм гэтэл хамт явсан хүмүүсээс гадаад байж байгаад ирсэн 3 хүн л хогоо битгий хая гээд орилоод уурлаад дийлэхгүй сүүлдээ бүүр хэлхээсээ залхаад буудалсан газар бүрээ хамт явсан хөгшчүүлийн хөгийг түүсээр байгаад таарсан.. яагаад хөгшчүүд гэж бичсэнийг гайхаж байгаа байх одоогийн 40-60 насны дийлэнх хүмүүс ид комунист хүмүүжилтэй 90 оны үед архин далайд умбаж явсан улс байдаг юм байна тэдний тархи л байгалаа хамгаалж хайрлахыг мэдэхгүй зөвхөн зугаацаж сурсан улс байдаг юм байна гэдгийг ойлгосон доо.. манай өвөө 87 настай энэ хүний үед мод тариж ид бүтээн байгуулж байсан тэдний хүүхдүүд бэлэн юманд умбаж байсан нь энэ нийгмийн ч гэх юм уу алдаа байж болох юм. Гэхдээ шинэ ирээдүй болсон бидний үе ээж аавын хийсэн алдааг засаж эх орноо жинхэнэ утгаараа хайрлаж явна гэдэгт итгэдэг шүү...

talst (зочин)

buu naraa ustgaj burhan delgersneer uul ovoog lam nar tahij hari heleer unslaga unshsaar baigaad uuliin ezdiigiig untaa bolgosoniig buu nar l hengergiin duugaar sereeh ystoi shuu ene olnoor bosoj bgaa buu nariin uureg Uuregee umartaj zuvhun mungunii tuluu yvj bgaa buu nar olon bgaa n haramsaltai 2012 ond bugd sereh uchirtai

Talst (зочин)

Manjiin bodlogiin har gai daa

уншигч (зочин)

Сайхан нийтлэл мэдээлэл байна. Эх дэлхий байгаль орчин, дээд тэнгэр, өвөг дээдсээ дээдлэн шүтэхтэй тантай санал нэг байна. Танд баярлалаа. Биднийхээ мунхаг ухааныг гэгээрүүлэх сайхан нийтлэл, зарилгаа хүртээж байгаарай. Танд амжилт хүсье.

Зочин

Хамгийн зөв асуудал байна шүү. Гэхдээ хог хаяна гэдэг тухайн хүний хүмүүжлээс л болно. Миний аав ээж социализмийн л үеийн хүмүүс. Биднийг багаас маань л хог хамаагүй битгий хая гэж сургасан. Хогийн сав тааралдвал хогоо хийгээд, байхгүй бол хармаалаад л ир гэдэг байсан. Тэр л зарчмаар одоо ч үр хүүхдээ сургаж байна. Ер нь цэцэрлэгээс нь эхлээд, давхар аав ээж нь сургаад заагаад явах хэрэгтэй байхаа...

Зочин (зочин)

Яг зөв санаа байна.Бидний өнөө үед хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол сайхан байгалаа нүдний цөцгии мэт хайрлан хаач гэсэн ялангуяа голын захаар зугаалж агаарт гарч амрахдаа өөрсдийн хаясан хогоо машиндаа ачаад хогийн цэг дээр хаях юм уу шатааж байх хүүхдүүдээ ч үүнийг сургах хэрэгтэй. Ингэхгүйгээс хэдэн жилийн дараа амарч тухлах газаргүй болох болно

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)